Хүнийг хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Жон Голсуорси, Английн зохиолч... Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг Бодол мэргэн, ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин Хүний дотор баясгалантай бол юутай сайхан Хүний дотор зовлонгүй бол юутай сайхан Д.Нацагдорж... Хүн бүр доор бүрдээ бүхэл бүтэн боть ном юм. Гагцхүү түүнийг хэрхэн уншихыг таны таалал мэдтүгэй. Чэннинг Уильям Эллери, Америкийн зохиолч... Хүмүүс минь хүнлэг энэрэнгүй байж үзэцгээ. Энэ бол та бүхний эн тэргүүний үүрэг шүү. Руссо Жан-Жак, Францын гүн ухаантан... Чи амьд явах хэдийчинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг баас хайрладаг байх хэрэгтэй. Энэтхэг ардын үг... Хэрэв хүн бусдын өмнө хүлээсэн үүргээ ойлгохгүй бол өөрийнхөө бодол санаанд ч бас үнэнч байж чадахгүйд хүрнэ. Ван Гог Винсент, Голландын их зураач... Тустай үйлээ үйлдэлгүй Тусгай өөр нэгийг үйлдэх нь Дорно зүгт одох бөгөөтөл Довтлон өрнө зүгт одох адил Тодорхой толь... Мэдэхгүй юмаа хэзээ ч бүү хий. Мэдэх ёстой бүхнийг сур. Пифагор, Эртний грекийн гүн ухаантан... Хийх ёсгүй зүйлийг сэтгэлдээ ч бүү хий. Эпиктет, Грекийн гүн ухаантан... Анханд нь болгоомжлон бод Дунд нь шинжилж оно Эцэст нь зохилдуулан тавь. Д.Равжаа... Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхыг нь сурна гэдэг хэцүү. Сенека, Римийн зохиолч... Үнэнч шударгыг умартвал хүний амьдралын үнэ цэнэ огт үгүй болно. Кант Иммануил, Германы гүн ухаантан... Шударга хүний ёс суртахуун нь хуулийг бүрэн орлож чадна. Менандр, Эртний грекийн жүжгийн зохиолч... Үнэнч шударга гэгч хоёр ундаргатай. Нэг нь хэнд ч хорыг үл хүргэх, нөгөө нь нийгэмд ач тусаа өгөх болно. Цицерон, Эртний римийн улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан... Сайн хүн гэдэг шударга бус явдлыг үл үйлдэхээр барахгүй, түүнийг хүсдэггүй байх ёстой. Демокрит, Эртний грекийн гүн ухаантан... Хүний ариун сэтгэл бол бидний доторх бичигдээгүй хууль мөн. Кант Иммануил, Германы гүн ухаантан... Чин ариун сэтгэл бол хууль бүхний дээд хууль мөн. Ламартин Альфонс Мари Луй де, Францын яруу найрагч... Өөрийгөө хүндэлдэггүй хүн бусдыг эс хүндлэх нь мэдээж. Руссо Жан-Жак, Францын гүн ухаантан... Омог бардам зан бол олон алдаа гаргахын үндэс. Рескин Жон, Английн урлагийн онолч... Салхийг сөрдөг үүл үгүй Эрхийг зөрдөг хууль үгүй Үүл салхинд туугдах Хууль эрхэнд заагдах Таван сургаал... Хэний талд эрх байх нь чухаг болохоос хэний талд хүч байгаа нь чухаг биш. Ван Гог Винсент, Голландын их зураач... Хэнд эрдэм буй болвоос түүнд тус бий Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг... Субашид, Элдэв сургаал оршвой гэдгийг харах... Эдгэрэхийн урьдач нөхцөл нь эдгэнэ гэсэн итгэл мөн. Сенека, Римийн зохиолч... Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөнө. Гиппократ, Эртний грекийн сэтгэгч... Хожуудсан тусламж хэнд ч хэрэггүй. Теренч Ричард, Английн яруу найрагч... Эмч хүн бол өвчтэй хүний эцэг, эрүүл хүний дотно нөхөр мөн. И.П.Павлов, Оросын эрдэмтэн, физиологич... Хүн муу зураач, муу зохиолч, муу жүжигчин байж болох юм. Харин муу эмч байх эрхгүй. Юу гэвэл хүн түүнд хамгийн үнэ цэнэтэй амьдрал, эрүүл энхээ найдаж даатгадаг. М.П.Кончаловский, Оросын эрдэмтэн... Эмчийн халуун сэтгэл, дотно үгийг ямар ч цахилгаан соронзон бичлэг, шинжилгээ орлож чадахгүйг санах хэрэгтэй. Б.В.Петровский, Оросын эрдэмтэн... Анагаах ухаан шиг амьдралд өдөр тутам хэрэглэгддэг шинжлэх ухаанд шинжлэх ухааны мэдлэг, туршлагаас гадна сайхан сэтгэл хэрэгтэй. Түүнийг өөрийн ухамсар, өөрийгөө эзэмдэх, хүний байдал, ааш занг танин мэдсэнээр л гагцхүү олж авдаг юм. Н.И.Пирогов, Оросын мэс засалч... Санаа бодлоо ямагт шүүрдэж бай. Хэрэв чамд муу санаа огт үгүй бол чи муу үйл үл хийнэ. Дорно дахины цэцэн үг... Хэрэв чи бусдын зовлон хэнэггүй ханддаг бол хүн гэдэг хүндтэй нэр чамд зохихгүй. Саади, Персийн яруу найрагч...
A+ R A-

Ховд аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Төлөвлөгөө.pdf

Ёс зүйн хэм хэмжээний заалтууд

2.1  Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж ажиллана.

2.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь  Монгол улсын Үндсэн хуулийн  14.2-т  зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхолоор нь үл ялгаварлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

2.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн эрх ашиг, нэр төрийг дээдлэн хүндэтгэж, хүнлэг энэрэнгүй, шударга хандана.

2.4  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийнхээ үндсэн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ хуулийн хязгаарлалтын хүрээнд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгална.

2.5  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар харилцан мэргэжлийн ур чадвар, харилцааны доголдол гаргах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.

2.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлэн, шаардлагатай үед эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.

2.7  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг холбогдох бодит мэдээллээр хангана.

2.8  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй.

2.9  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, түүнд сэтгэл санааны дэм үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.

2.10  Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн яаралтай тусламжаас бусад тохиолдолд хэнтэй хамтарч ажиллах, ямар орчин, нөхцөлд тусламж үзүүлэхээ өөрөө шийдэх эрхтэй.

2.11  Эмнэлгийн мэргэжилтэний дагаж мөрдөж буй хууль, тогтоол, дүрэм, журам нь үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцэхгүй тохиолдолд түүнийг өөрчлүүлэх тухай саналаа холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий  байгууллага, албан тушаалтанд тавина.

2.12  Эмнэлгийн мэргэжилтэн нь биоанагаахын ёс зүйн талаар олон улс болон өөрийн орны холбогдох байгууллагуудаас баталсан хууль тогтоомж, дүрэм, журам, зөвлөмжүүдийг мөрдөнө.

2.13  Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана. 

3.1  Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах бөгөөд энэхүү харилцаанд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл  байх ёсгүй.

3.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл  мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь шууд нөлөө үзүүлэхгүй.

3.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ тухайн өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношлогоо, эмчилгээний  аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэлийн талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой хэллэгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.

3.4  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн  талаар өөрт нь үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй  үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг эмч шийднэ. 

3.5  Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараахь тохиолдолд шийдвэрийг бичгээр авна:

3.5.1  Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;

3.5.2  Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;

3.5.3  Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт;

3.5.4  Yр хөндөлт хийх (насанд хүрээгүй охидод үр хөндөлт хийх бол эцэг/эхийн зөвшөөрлийг авна);

3.5.5  Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (рецепиент ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна)

3.6  Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол  шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.

3.7  Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгчийн  зөвшөөрөлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:

3.7.1  Үйлчлүүлэгч сэтгэцийн хувьд чадамжгүйгээс зөвшөөрөл өгөх боломжгүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой  үр дагаварт хүргэх нь илэрхий;

3.7.2  Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй;

3.8  Эмнэлгийн мэргэжилтэн нь нэр төрөө хамгаалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс тусламж үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгаж болохгүй ба өөрийн болон байгууллагын чадавхийг бодитой үнэлэн, сонголт хийх боломжтой бусад хувилбаруудын  талаар үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, санал болгох үүрэгтэй.

3.9  Эмнэлгийн мэргэжилтний үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь түүний биеийн байдлыг сайжруулахад чиглэсэн оновчтой, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй байвал зохино.

3.10  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн шаардсан тусламж үйлчилгээг нотолгоо, үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.

3.11  Эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн нөхцөлд заавал хийгдэх шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэх нь ёс зүйд үл нийцнэ.

3.12  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн дэргэд биеэ авч явах соёлыг эзэмшсэн байвал зохино. Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний биеэ авч явах соёлын талаар журам гарган, мөрдүүлнэ.

3.13  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6-р зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.

3.14  Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх болон үйлчүүлэгчийн нууцтай холбоотой бусад бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу бусдад ашиглуулахаар хувилан өгч болохгүй.

3.15  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил, албан тушаалын давуу талаа ашиглан өөрийн үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч), найз нөхөдтэй мэргэжлийн харилцаанаас гадуур харилцаа (давхар харилцаа)-нд орж үл болно.

3.16  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг бүрэн гүйцэд, нягт нямбай үзэж оношлох ба эмнэлгийн холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь үнэн зөв хөтлөх үүрэгтэй.  Бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас сольж үл болно.

3.17  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.

3.18  Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэн, түүний мэргэжил нэгт нөхдөд хүндэтгэлгүй хандах, ёс бусаар харилцах зэрэг шалтгааны улмаас мэргэжлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдал үүсвэл эмнэлгийн мэргэжилтэн түүнд тусламж, үйлчилгээ үргэлжлүүлэн үзүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн татгалзах болсон үндэслэлээ үйлчлүүлэгчид хэлж, өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ. Эмнэлгийн мэргэжилтэн нь хариуцлагаас зайлсхийх зорилгоор ийм үйлдэл хийж болохгүй.

3.19  Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэн түүнийг зөрчигдөхөөс сэргийлж, үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах болон шинжлэх ухааны туршилтанд хамруулж үл болно.

3.20  Эмнэлгийн мэргэжилтний хувьд шинжлэх ухааны үндэслэлгүй эмчилгээ хийх, түүнийг дэмжин оролцох нь ёс зүйд үл нийцнэ. 

3.21  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчээс шан харамж, албан бус төлбөр авч болохгүй.

4.1  Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.

4.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын Үндсэн хуулийн  14.2-т  зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхолоор нь мэргэжил нэгтнээ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга харилцана.   

4.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгтэн болон эрүүл мэндийн бусад ажилтнуудыг харилцааны доголдол, ёс зүйгүй үйлдлээс сэргийлж, алдаа дутагдлыг  нь шударгаар илчлэн, засаж залруулахад идэвхитэй оролцоно.

4.4  Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгөө чөлөөт, шударгаар өрсөлдөхийг эрхэмлэнэ.

4.5  Эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагаа  мэргэжил нэгт нөхөдтэйгээ харамгүй хуваалцаж, харилцан бие биенээ сургах, хөгжүүлэх үүрэгтэй.

4.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн хэлэлцэх нь ёс зүйд үл нийцнэ.

4.7  Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн санаачлагаар буюу үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хүсэлтээр бусад эмчийн зөвлөгөө, тусламжийг авч болно. 

4.8  Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилга өгөх нь ёс зүйд үл нийцнэ.

4.9  Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг үйлчлүүлэгчийг гардан хариуцаж буй эмнэлгийн мэргэжилтэн гаргана. Эмч нарын зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөний шийдвэрийг дагана.

4.10  Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:

1)  өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн

2)  зөвлөх мэргэжилтэн

3)  тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн бусад мэргэжилтнүүд

4)  хуулиар олгогдсон эрх бүхий  бусад хүмүүс

4.12  Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.

4.13  Сувилагч нь эмчийн заавраар сувилахуйн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хэдий ч анагаах ухаан, сувилахуйн стандартаас гажсан үйлчилгээ, үйлдлийг түүний зааврын дагуу гүйцэтгэх ёсгүй бөгөөд хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд харъяалах албан тушаалтанд мэдээлнэ.

4.14 Удирдах ажилтан нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс өөр ажил эрхлэх болсноор эмнэлгийн мэргэжилтний хувьд хүлээх ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй. 

4.15 Удирдах ажилтан нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг оролцохыг дэмжих ёсгүй. 

4.16  Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардах ёсгүй.  

4.17  Удирдах ажилтан нь мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг дангаараа шийдвэрлэхгүй.

4.18  Удирдах ажилтан нь хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

5.1  Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжууд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, өрх бүл, иргэдтэй хамтран ажиллана.

5.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхолоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг илүүд үзнэ.

5.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг /хэлбэр үл хамааран/ зориулалтаар нь ашиглахыг эрхэмлэнэ.

5.4  Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд  хүнлэг энэрэнгүй хандан, тэднийг тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг эсэргүүцэх ба өөрөө оролцох ёсгүй. Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, харин батлагдсан оношийг үндэслэн стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

5.5  Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагаа хийх, оролцох, энэ талаар зааварчилга өгөх ёсгүй.

5.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд зааварчлахгүй. Харин тухайн  өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.

6.1  Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн үйл ажиллагааг сурталчилж болно.  Сурталчилгаа нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжил эзэмшсэн сургууль, зэрэг цол, ажлын дадлага туршлага, үйл ажиллагаа явуулдаг байршил, тусламж үйлчилгээ үзүүлэх хуваарьтай холбоотой үнэн зөв мэдээллийг агуулах ба эмнэлгийн нэр томьёо хэрэглэхгүйгээр энгийн, ойлгомжтой үг хэллэг ашиглана. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулж болохгүй.

6.2  Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэх, зарж борлуулах, түгээх ёсгүй. 

6.3  Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний болон оношлогоо, эмчилгээний бусад аргатай холбоотой  ташаа, бүрэн бус, ойлгомжгүй, хууль, тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, удирдамжаас гажсан мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой.

6.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний борлуулалтын ашиг, үйлчилгээний төлбөрөөс хувь хүртэх зорилгоор тухайн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлах нь ёс зүйд үл нийцэнэ. 

6.5  Үйлчлүүлэгчийг өөрийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулах нь зохисгүй.

6.6  Эмнэлгийн мэргэжилтэн нь бусдын хүсэлтээр ямар нэг тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл  хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах ёсгүй.

6.7  Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтална.

6.8  Шаардлагатай тохиолдолд нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч, тогтсон журмын дагуу тусгай шалгууруудыг баримтлах ба шийдвэрийг эмчлэгч эмч бие даан гаргахгүй. Журам, шалгуурыг байгууллага бүр тогтооно.

6.9  Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад эмнэлгийн мэргэжилтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах нь ёс зүйд үл нийцнэ.

6.10  Хэрвээ зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээвэл хувь хүртдэг тухайгаа үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгөх нь ёс зүйд нийцнэ.

6.11  Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаашид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг  хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван байдлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.

6.12  Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч  нас барсан тохиолдолд энэ талаар түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.

6.13  Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг сольж болохгүй.

6.14  Эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. Хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий хүмүүстэй ажилладаг эмнэлгийн мэргэжилтнүүд хүчирхийллийг илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах талаар мэдлэгтэй байвал зохино. 

7.1 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.2  Ёс зүйн хорооноос хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжуудад зааснаар зохицуулна.

 

Үйлчлүүлэгч нь:

Монгол улсын Үндсэн хуулийн  14.2-т  зааснаас гадна эрүүл мэндийн байдал, бэлгийн сонирхол, өвчний онцлог байдал болон хувийн зан төлвөөс үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах;

Эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой бүрэн, бодит мэдээллийг өөрөө асуугаагүй тохиолдолд ч ойлгомжтой үг хэллэгээр авах;

Эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаварын талаар эмнэлгийн мэргэжилтэнтэй ярилцах, тайлбар авах;

Нууцаа хамгаалуулах. үйлчлүүлэх явцад эмнэлгийн мэргэжилтэнд өгсөн хувийн мэдээллийн нууц нь үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрсөн эсвэл хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд задрахгүй байх баталгаагаар хангагдах;

Эмнэлэг болон эмчийг өөрөө сонгох, тусламж үйлчилгээг хүлээн авах явцад эмчийг солих санал тавих;

Эмчийн зөвлөсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эсэхийг өөрөө шийдэх, нийгэмд аюултай халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмчийн санал болгосон аливаа оношлогоо, эмчилгээг хийлгэхээс татгалзах;

Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;

Нарийн мэргэжлийн болон ижил мэргэжлийн бусад эмчид үзүүлэх талаар эмчлэгч эмчид хүсэлт тавих; 

Анагаах болон шинжлэх ухааны туршилтад оролцохоос татгалзах бололцоогоор хангагдана.

 

Үйлчлүүлэгчийн баримтлах зарчим

Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх;

Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, соёлтой үйлчлүүлэх;

Тусламж, үйлчилгээ авч буй эмнэлгийн байгууллагын дотоод журмыг чанд биелүүлэх;

Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;

Эмчилгээний заавар, дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахиж биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлж, учрыг тайлбарлах;

Эмчилгээний заавар, дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах;

Хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх;

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй нийтийг хамарсан үйл ажиллагаанд иргэнийхээ хувьд  идэвхитэй оролцох.